ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ -1

2010-10-11 10:50

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТУУД
    Зах зээлийн эдийн засагт сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгө, хүмүүсийн гар дээр байгаа хуримтлагдсан мөнгийг санхүүжилт шаардлагатай байгаа газарт шилжүүлэх, дахин хуваарилах хэрэгцээ, шаардлага байнга байдаг.
    Эрэлт, нийлүүлэлт дээр үндэслэсэн олон төрлийн санхүүгийн хэрэгсэл арилжаалагддаг зах зээлийг санхүүгийн зах зээл гэдэг. Санхүүгийн зах нь валютын зах зээл, мөнгөний зах зээл, үнэт цаасны зах зээл /хөрөнгийн зах/ гэсэн З үндсэн зээлээс бүрддэг.

Валютын зах зээл
    Валютын зах зээл нь валютуудыг хооронд нь арилждаг зах зээл юм. Хамгийн хөрвөх чадвартай зах зээл ба валютын ханшны өөрчлөлтөөс ашиг олох сонирхолтой том банкнууд, төв банкнууд, ченжүүд, үндэстэн дамнасан корпорациуд, засгийн газрууд ба байгууллагууд оролцдог байна. Валютын зах зээл нь дараахь чиг үүргүүдтэй байна.
1.Валютын ханшны зохицуулалт;
2.Валютын нөөцийн диверсификаци хийх;
З.Валютын ханшны эрсдлийн даатгал;
4.Валютын зах зээлийн оролцогчдын валютын ханшны зөрүүгээс олох ашиг;
5.Эдийн засгийн валютын бодлогыг хэрэгжүүлэх.
Валютын зохицуулалт нь дараахь зорилготой. Үүнд:
1.Үндэсний мөнгөн нэгжийн тогтвортой байдлыг дэмжих, улсын эдийн засгийн өсөлтийг хангах;
2.Төлбөрийн балансын тэнцвэртэй нөхцөлийг бий болгох;
3.Салбар болон улс хоорондын хөрөнгийн гүйлгээг хангах;
4.Алтны болон валютын нөөцийг бий болгох.

Мөнгөний зах зээл
Мөнгөний зах зээл нь хамгийн хөрвөх чадвартай, хамгийн богино хугацаатай санхүүгийн хэрэгсэл арилжаалагддаг зах зээл юм. Богино хугацаанд /нэг шөнөөс нэг жил хүртэлх/ зээлэх ба зээлүүлэх сонирхолтой оролцогчид оролцдог.
Мөнгөний бодлого ба хүүгийн бодлогыг тодорхойлоход мөнгөний зах зээл тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг.
Мөнгөний зах зээлийн буюу богино хугацаат санхүүгийн хэрэгслүүдэд дараахь хэрэгслүүд хамаардаг. Үүнд:
•    Засгийн газрын хэрэгслүүд /Төрийн сангийн болон агентлагуудын үнэт цаас/;
•    Банкны хэрэгслүүд /Банк хоорондын зээл, хадгаламжийн сертификат, банкны акцепт/;
•    Репо/эргүүлэн худалдан авах гэрээ/;
•    Гадаад валютын хэрэгслүүд /деривативуудыг багтаана/.

Хөрөнгийн зах зээл
    Хөрөнгийн зах зээл нь Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа болон компаниуд шаардлагатай урт хугацааны санхүүгийн эх үүсвэрээ үнэт цаас гаргах замаар татан төвлөрүүлдэг санхүүгийн зах зээлийн томоохон бүрдэл хэсэг юм.
    Хөрөнгийн зах зээл нь хувьцааны зах зээл, бондын зах зээл, үүсмэл үнэт цаасны зах зээлээс бүрдэнэ. Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээл нь хувьцааны зах зээл, бондын зах зээлээс бүрдэж байна.
    Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуульд “үнэт цаас” гэж Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос эх хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.
    Үнэт цаасны зах зээл дээр ханшны өөрчлөлтийн эрсдлээс хамгаалах зорилгоор үүсмэл үнэт цаас болох санхүүгийн хэрэгслийг ашигладаг байна. Өнөөгийн санхүүгийн зах зээлд хэрэглэгдэж буй санхүүгийн хэрэгслүүдийг хөрөнгийн эзэмшлийг төлөөлсөн хөрөнгө, үнэт цаасан дээр суурилсан, эсвэл хөрөнгийн эзэмшигчид хөрөнгө оруулагчийн өгсөн хөрөнгө зээлийг төлөөлсөн өр, өглөг дээр суурилсан гэж ангилж болно.
    Хувьцаа гэдэг нь хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр тухайн компанийн хөрөнгийг эзэмших эрхийг гэрчилсэн үнэт цаас юм. Хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг эдэлдэг. Хувьцаа эзэмшигчийн эрхийг холбогдох хууль болон компанийн дүрмээр тогтоодог. Хувьцааг дотор нь энгийн болон давуу эрхийг гэж ангилж болдог.
    Энгийн хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлэгчийн хуралд оролцож санал өгөх, компани ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн үед ногдол ашиг авах, компанийг татан буугдах үед тогтоосон журмын дагуу эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжиид худалдан авах эрх бүхий үнэт цаас юм.
    Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлэгчийн хуралд оролцож давуу эрхийг хувьцаа гаргах тухай шийдвэрт зааснаас бусад асуудлаар санал өгөх эрхгүй боловч тогтоосон ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжинд авах, компанийг татан буугдсаны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг энгийн хувьцаа эзэмшигчдийн өмнө дарааллын дагуу авах эрх бүхий үнэт цаас юм.
    Өрийн бичиг /бонд/ гэж тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Өрийн бичгийг дотор нь энгийн, хөрвөх, хөвөх хүүтэй, нойл хүүтэй, барьцаат гэх мэт ангилж болдог.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
    Үнэт цаасыг худалдан авах болон худалдах үйл ажиллагаа
Үнэт цаас нь өөрийн нэрлэсэн үнэтэй байх бөгөөд анхдагч зах зээлд нийтэд санал болгох үнээр арилжигдаж, хоёрдогч зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн дүнд тогтсон өөрийн зах зээлийн ханшаар арилжаалагддаг. Үнэт цаасны зах зээлийн үнэ ханшны талаархи мэдээллийг Хөрөнгийн бирж, өөрийн харилцдаг брокер, дилерийн компанид хандан авах боломжтой. Үнэт цаасны зах зээлийн талаархи аливаа мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт www.frc.mn, Хөрөнгийн биржийн вэб сайт www.mse.mn, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайт www.shsd.mn, өөрийн брокер дилерийн компанийн вэб сайтад хандан авч болно.
Хувьцаа худалдан авахад хувьцаа гаргасан компанийн засаглалын үйл ажиллагаа хэр болох, ногдол ашиг тараадаг эсэх, түүний давтамж, олон нийтэд зарласны үндсэн дээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа цаг тухайд хийдэг эсэх, компанийн үйл ажиллагаа ил тод байж чаддаг эсэх, тухайн хувьцаа нь хөрвөх чадвартай эсэх /тухайн хувьцааг худалдан авсны дараа буцаан хадалдахад хурдан арилжигддаг эсэх/, нийтэд анх гаргаж буй хувьцааг худалдан авах бол тухайн үнэт цаас гаргагчийн болон үнэт цаасны танилцуулга зэрэг шаардлагатай бүх мэдээллийг судлах нь зүйтэй.
Бонд худалдан авахад тухайн үнэт цаас гаргагч болон үнэт цаасны танилцуулгатай танилцан, тухайн бондын хүүгийн хэмжээ, хүү нь тогтмол эсхүл хөвөх хүүгийн аль нь болох, хүү төлөх хугацаа, бондыг хугацаанаас өмнө эргүүлэн худалдан авах эсэх, барьцаат бонд эсэх, өмнө нь гаргасан үнэт цаасны мэдээлэл байгаа эсэхийг судалсны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйт.й.
Үнэт цаас худалдан авахдаа эрсдэл, ашиг зэрэг шаардлагатай зүйлсийг тооцоолсны үндсэнд эцсийн шийдвэрийг хөрөнгө оруулагч та гаргах ба гаргасан шийдвэрийнхээ эрсдлийг өөрөө хүлээнэ гэдгийг анхаараарай.
Үнэт цаасны арилжааг “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 10-р сарын 22-ны өдрийн 223 дугаар тогтоолоор батлагдсан “Брокер дилерийн үйл ажиллагааны журам”, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 12-р сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны арилжааны журам”-ын дагуу явуулна.
Үнэт цаас худалдан авах сонирхолтой аливаа иргэн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК –д өөрийн нэр дээр данс нээлгэх ёстой ба уг дансанд таны худалдан авсан үнэт цаас эсвэл худалдах тохиолдолд худалдсан үнэт цаасны төлбөр байршдаг.
Дансыг өөрийн сонгосон брокер, дилерийн компаниар дамжуулан нээлгэх ба хэрэв та үнэт цаас худалдан авах бол үнэт цаас худалдан авахад шаардагдах мөнгийг уг дансанд байршуулсан байна.
Дансаа нээлгэсэн харилцагч брокер дилерийн компаниараа дамжуулан үнэт цаас худалдан авах эсвэл худалдах захиалга өгнө. Захиалгыг дотор нь зах зээлийн ба хязгаарт гэж ангилдаг. Зах зээлийн захиалга гэж үнэт цаасны тухайн өдрийн ханшийг харгалзахгүйгээр худалдах, худалдан авах захиалга тус бүрийн үнээр худалдаж, худалдан болох зарчмаар биелүүлэх захиалгыг хэлэх ба үнийн хязгаарлалттай захиалга гэж үнэт цаас худалдах захиалгын хувьд үнийн доод хэмжээг, худалдан авах захиалгын хувьд үнийн дээд хэмжээг заасан захиалгыг хэлнэ.
Захиалга өгөхдөө брокерын пүүстэй захиалгын гэрээ байгуулна. Захиалгын гэрээнд худалдан авах эсхүл худалдах үнэт цаасны нэр, үнэт цаасны тоо ширхэг, захиалгын төрлийг заавал тусгасан байхаас гадна захиалга өгсөн харилцагчийн нэр, регистрийн дугаар, гадаадын иргэн бол гадаад паспортын дугаар, гарын үсэг, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр, албан тушаал, хуулийн этгээдийн тэмдгэ, брокер, дилерийн компанийн захиалга хүлээн авсан брокерын нэр, гарын үсэг, гэрээ байгуулсан огноо, цаг минут заавал байх бөгөөд брокер, дилерийн компанийн харилцагчийн захиалгад тусгайлан хэрэглэгдэх тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Тухайн компанийн брокер захиалгын гэрээ байгуулж захиалгыг хүлээн авч дилерийн даалгаварт тусган дилерт шилжүүлснээр уг захиалгыг биелүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Дилер нь хөрөнгийн бирж дээр арилжаанд оролцох бөгөөд арилжаа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны арилжааны журам”-ын дагуу явагдана. /Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn хаягаар тус журмыг авч болно/  
Арилжаа явагдсаны дараа худалдах буюу худалдан авах захиалгыг биелүүлсэн бол арилжаанд оролцсон дилер хэлцлийн тасалбар, харилцагчийн дансны хуулгыг захиалга авсан брокерт шилжүүлнэ. Харин тодорхой шалтгаанаар, тухайлбал, хувьцаа худалдан авах захиалгын үед хувьцаа зах зээл дээр байхгүй, эсхүл захиалгад заасан ханшаар худалдан авах ба худалдах боломжгүй зэрэг тохиолдолд арилжаа хийгдээгүй бол үнэт цаас худалдах захиалгын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа ажлын 78 хоног, худалдан авах захиалгын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа ажлын 26 хоног байна.
Захиалга бүрэн биелэгдсэн, харилцагч өөрөө захиалгын гэрээг цуцалсан, зах зээлийн захиалгын хувьд үнэт цаасыг худалдан авахаар гэрээнд заасан мөнгөний хэмжээнд хүрсэн, дансанд байршуулсан мөнгө дууссан, захиалгын гэрээний үүйлчлэх хугацаа дууссанаар захиалгын гэрээ дуусгавар болно.
Та өөрийн дансны хуулгыг брокер, дилерийн компани болон “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас авч болох бөгөөд дансны дэлгэрэнгүй хуулгаар өөрийн хийсэн бүх гүйлгээг харж болно. Дансны дэлгэрэнгүй хуулгаар дансаа хянаж байх нь өөрийн өмчлөх эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чухал арга юм.
Харилцагч анх нээлгэсэн данснаас гадна холболтын данс нээлгэж болно. Холболтын данс гэдэг нь өөрийн үйлчлүүлж буй брокер, дилерийн компаниас өөр брокер, дилерийн компаниар дамжуулан данс нээх ажиллагаа юм. Энэ нь өөр брокер дилерийн компаниар дамжуулан захиалга өгч өөрийн үндсэн дансанд холбогдож түргэн шуурхай арилжаанд оролцох боломж олгодог.
Үнэт цаас өмчлөх эрхийг шилжүүлэх, үнэт цаасыг барьцаалах ба эрх бүхий байгууллагын шийдвэрээр үнэт цаасны өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа.
Худалдан авсны дараа үнэт цаас таны “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь нэрийн дансанд байрших ба түүнийг өөрийн хүсэл зоригоор захиран зарцуулах эрх танд үүснэ. Өөрийн үнэт цаасыг та бусдад худалдаж, бэлэглэж, өв залгамжлуулж болно. Үнэт цаасыг бусдад бэлэглэх, өв залгамжлуулахад Иргэний хуулиас гадна Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 162 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, өвлүүлэх тухай журам”-ыг баримтална. Энэхүү журмаар үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэхэд тавигдах нөхцөл, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт хийх, мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ үзүүлсний төлөө авах хураамжийн хэмжээ, оролцогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулдаг.
Хувьцаа нь тодорхой хөрөнгийн эзэмшлийн эрхийг гэрчлэхээс гадна түүнийг бусад эд хөрөнгийн адил барьцаалах боломжтой бөгөөд үл хөдлөх хөрөнгийн нэгэн адил баталгаатай барьцаа болж чаддаг. Хэрэв та өөрийн өмчлөлийн үнэт цаасыг барьцаанд тавих хүсэлтэй бөгөөд зээлдүүлэгч зөвшөөрч байгаа бол таны зөвшөөрөл, зээлдүүлэгчийн хүсэлт, барьцааны гэрээ зэргийг үндэслэн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК таны үнэт цаасыг тусад нь дансанд байршуулж тусгаарлах арга хэмжээ авна. Зээлдүүлэгчийн барьцаанаас чөлөөлсөн тухай албан ёсны баримт ирэх хүртэл тусгаарлагдсан данснаас аливаа гүйлгээ хийгддэггүй.
Үнэт цаас өмчлөх эрх нь бусад эд хөрөнгийн эрхийн нэгэн адил эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлагдаж болно. Тухайлбал, бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах зорилгоор шүүх болон арбитрын шийдвэрээр бусдын өмчлөлд шилжиж болох ба мөн тухайн үнэт цаасыг арилжсан хэлцэл хууль бус байна гэдэг нь тогтоогдвол Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр үнэт цаас хууль ёсны өмчлөгчид шилжиж болдог.
Үнээс гадна прокурорын байгууллагын баталгаажуулсан цагдаагийн байгууллагын тогтоол /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу/, шүүхийн шийдвэр /иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу/, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр, эрх бүхий улсын байцаагчийн акт /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу/ зэрэг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр дансыг тусгаарлах ажиллагаа явагддаг.
Тухайн дансыг тусгаарлах шалтгаан арилсан буюу хэргийг хянан шийдвэрлэсний дараа дансны тусгаарлалтыг тусгаарласан байгууллагын шийдвэрээр цуцалдаг. Үүнээс гадна дансыг өмчлөгчийн хүсэлтээр мөн тусгаарлах болдог бөгөөд өмчлөгчийн зөвшөөрлөөр буцаан члөөлж болдог.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ЯМАР ЭРХТЭЙ ВЭ?
Хувьцаа эзэмшигчийн компанийг удирдах, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжийг олгодог хамгийн чухал эрх бол хувь нийлүүлэгчийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн амин чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг эрх барих дээд байгууллага тул та компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хэдийд хуралдах талаар зарлал мэдээлэл гарч байгаа эсэхэд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй.
Компанийн тухай хуулиар хувьцаат компани нь жил бүрийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу 5 дугаар сарын 1 гэхэд ээлжит хурлаа зарлан хуралдуулж, компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Энэ хугацаанд УТЗ хурлаа зарлан хуралдуулаагүй бол хурал зарлах эрх нь Компанийн хяналтын зөвлөлд шилжиж, Хяналтын зөвлөл нь эрх шилжсэнээс хойш ажлын 15 хоногийн дотор зарлах үүрэг хүлээдэг.
Хяналтын зөвлөл нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй бол компанийн аливаа нэг хувьцаа эзэмшигч эзэмшиж буй хувьцааны тооноос үл хамааран ээлжит хурлыг зарлах эрхтэй. Өөрөөр хэлбэл жил бүрийн 6 дугаар сарын 1 гэхэд таны хувьцааг эзэмшиж буй компани хурлаа зарлаж, үйл ажиллагаа санхүүгийн байдлаа тайлагнаагүй бол та хурал зарлаж, тайлангаа хэлэлцэхийг шаардах эрхтэй юм.
Хувь нийлүүлэгчийн хуралд заавал биечлэн оролцох шаардлагагүй, Компанийн ТУЗ нь хурал зарласнаас хойш 10 хоногийн дараа, хурал хуралдахаас 20-иос доошгүй хоногийн өмнө санал авах хуудсыг брокер, дилерийн компанид хүргүүлсэн байх ёстой. Мөн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийн төсөл зэрэг нь хурал зарлахаас өмнө брокер, дилерийн компанид ирсэн байна. Ийм учраас та эдгээр материалтай танилцаад саналын хуудсыг бөглөх замаар хуралд оролцож, саналаа өгөх боломжтой юм.
Хувьцаа эзэмшигч нь мөн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, компанийг татан буулгах үед тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, нэмж ,гаргаж байгаа энгийн хувьцааг өөрийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн болон компанийн дүрэмд заасны дагуу тодорхой нөхцөлөөр тэргүү ээлжид худалдан авах, саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа тохиолдолд ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
Хэрэв таны хувь эзэмшиж буй компанийг удирдлагууд нь таны ашиг сонирхолд нийцэхгүй байдлаар шийдвэр гаргаад байвал та яах вэ? Ийм асуудал байнга тохиолддог. Та ногдол ашиг хуваарилуулах хүсэлтэй байтал тэд хуваарилахгүй байх, эсвэл компанийн үнэ бүхий эд хөрөнгийг нэгдмэл сонирхолтой этгээддээ худалдах гээд олон бэрхшээл тохиолдоно. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд тэдний шийдвэрт нөлөөлөхүйц байж чадахгүй нь ойлгомжтой.
Энэ тохиолдолд яах ёстой вэ?
Бусдад хувьцааг худалдах арга байж болох боловч хөрвөх чадвар багатай хувьцааны хувьд Компанийн тухай хуульд жижиг хувьцаа эзэмшигчдийн “компаниас гарах гарц”-ыг зааж өгсөн байдаг. Энэхүү гарц нь Компанид хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардах жижиг хувьцаа эзэмшигчдийг хүсээгүй хөрөнгө оруулалтаас хөрөнгөө татаж авах, түгжигдэхээс хамгаалах боломжийг олгодог зохицуулалт юм.
Доорхи тохиолдолд та хувьцаагаа эргүүлэн худалдахыг компаниас шаардах эрхтэй:
•    Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарласан нэмэлт өөрчлөлт орсон;
•    Өөр компанид нийлэх өр компанитай нэгдэх, хуваагдах, хаалттай компани болгон өөрчлөн байгуулахаар хувь нийлүүлэгчдийн хурлаас шийдвэр гарсан;
•    Компани их хэмжээний хэлцэл хийхийг Төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн саналаар батлаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцэж олонхийн саналаар энэ хэлцлийг баталсан тохиолдолд;
•    Нэгдмэл сонирхолтой этгээдүүд компанийн нийт хувьцааны 75-аас дээш хувийг хамтран эзэмших болсон;
•    Төрийн мэдэлд компанийн нийт гаргасан хувьцааны гуравны нэгээс дээш хувь нь буюу хяналтын багц нь байсан бөгөөд энэ багц нь хувьчлалаар бусад этгээдийн өмчлөлд шилжсэн.
Та эргүүлэн худалдан эрхээ хэрэгжүүлэхийн тулд дээр заасан асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа эсэх хувьцааны хяналтын багц худалдагдсан эсэх зэргийн талаар мэдээлэлд анхаарлаа хандуулж байх ёстой. Энэ асуудлын талаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэл хүргэх үүрэгтэй байдаг.
Гэхдээ та энэ мэдээллийг цаг тухайд нь авахын тулд та өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утас болон дээрх хаягийн өөрчлөлт гарсан шинэ хаягаа компанидаа болон үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтөлдөг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд мэдэгдэх үүрэгтэй. Та энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс эрхээ эдэлж чадахгүйд хүрч болзошгүйг анхаараарай.

ҮНЭТ ЦААС ЭЗЭМШИГЧ ТАНЫ ЭРХ ЗӨРЧИГДСӨН
ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?
Үнэт цаас эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь хэдийгээр хуулиар хамгаалагдсан байдаг боловч зөрчигдөх тохиолдол гардаг бөгөөд энэхүү зөрчигдсөн эрхийг сэргээх анхан шатны байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо юм. Иймд үнэт цаас эзэмших эрхэд халдсан, тодруулбал танд үйлчилдэг мэргэжлийн байгууллага болох брокер, дилерийн компани зөвшөөрөлгүйгээр үнэт цаасыг худалдсан, түүнчлэн хувьцаагаар гэрчлэгдсэн эрхүүд болох хувь санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхээ зөрчигдсөн гэж үзэж буй Монгол улсын иргэн, гадаадын харьяат, харьяалалгүй хүн болон хуулийн этгээд тус Хороонд гомдол гаргаж захиргааны журмаар шийдвэрлүүлж болно.
Хуулийн этгээдийн хувьд зөвхөн бичгээр, иргэдийн хувьд амаар болон бичгээр өргөдөл гомдлыг хүлээн авах бөгөөд өргөдөлд гомдлын агуулга буюу ямар эрх хэзээ хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөн талаар мэдсэн талаар тодорхой бичих бөгөөд өргөдөл гаргагчийн овог нэр, албан ёсны бүртгэлтэй хаяг, холбоо барих утасны дугаар, гарын үсэг зэрэг бүрдэл заавал хангагдсан байх ёстой. Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана. Бичгээр гаргах боломжгүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдлыг амаар хүлээн авч тэмдэглэл хөтлөн өргөдөл гомдлын нэгдсэн бүртгэлд оруулдаг.
Гаргаж буй өргөдлийн хамт тухайн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, нотолгооны шинж чанар бүхий баримт бичгүүдийг хуулбарлан хавсаргасан байвал уг асуудал түргэн шуурхай, бодитойгоор шийдвэрлэгдэхэд дөхөмтэй юм. Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба таны гаргасан гомдолд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шаардлагатай бол данс тусгаарлах, талуудаас баримт бичиг шаардаж авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсний үндсэнд зохих шийдвэр гаргана.
Таны гомдлыг үндэстэй гэж үзвэл байцаагчийн актаар буруутай этгээдэд албан шаардлага, даалгавар өгч биелэлтийг хянах, буруутай этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх, Хорооны тогтоолоор хэлцэл буцааж хууль бусаар зарагдсан үнэт цаасыг буцаан байршуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Тендер санал гэж юу вэ, яагаад тендер санал зарладаг вэ?
Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багц буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд бусад хувьцаа эзэмшигчээс худалдан авахыг хүсэж тендер санал гаргах бөгөөд энэ тухайгаа Хороонд мэдэгдэж, шийдвэр гаргуулна.
Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэдэг ба тендер саналын хүчинтэй байх доод хугацаа ажлын 60 хоног, дээд хугацаа 6 сар байна. Үүнд:
Тендер саналын талаар нийтэд хүргэх мэдээлэлд дор дурдсан зүйлийг тусгасан байна:
•    Тендер санал гаргагчийн нэр;
•    Тендер санал гаргагчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээ, хувь;
•    Хувьцаа худалдан авах хөрөнгийн эх үүсвэр;
•    Компанийг хөгжүүлэх төсөл, санал.
Тендер санал гаргагчийн хувьцаа худалдан авахаар санал болгож буй үнийг тухайн хувьцааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, тендер санал гаргагч тухайн хувьцааг худалдан авсан дээд ханш хоёрын аль өндрөөс доошгүй байхаар тогтооно. Харин тендер саналын үнэ нь уг хувьцааны нэрлэсэн үнээс доогуур байж болохгүй. Тендер санал гаргагч тендер саналтай холбогдсон мэдээллийг сонирхогч бүх этгээдэд нэгэн адил хүргэх үүрэгтэй.
Тендер санал гаргагч нь Хороонд тендер санал гаргахыг хүссэн өргөдөл өргөдөл ирүүлсэн үед тухайн компанийн нийт хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа тендер санал зарлаагүй бусад этгээд болон компанийн удирдлагад энэ тухай мэдэгдэнэ.
Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан бусад нөхцөл.

ҮНЭТ ЦААС ГАРГАХ АЖИЛЛАГАА
Үнэт цаасыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар дараахь этгээд нь гаргах эрх эдэлдэг. Үүнд:
•    Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд /ХК, ХХК г.м/
•    Улсын Их Хурлын зөвшөөрлөөр Засгийн газар
•    Аймаг, нийслэлийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлөөр аймаг, нийслэлийн захиргаа тэдгээрийн харьяа байгууллагууд нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болно.
Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас гаргасан үнэт цаас нь бусад үнэт цаасны нэгэн адил Хороо болон Хөрөнгийн биржид бүртгэлтэй байна.
    Хувьцаа гаргах ямар ач холбогдолтой вэ?
Компани нь нээлттэй захиалгын үндсэн дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хүссэн үедээ хүссэн хэмжээгээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлж болно.
•    Эргэн төлбөр хийгдэхгүй;
•    Хүү төлөхгүй;
•    Хямд өртөгтэй, урт хугацааны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж чадна;
•    Үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, тодорхой төсөл хэрэгжүүлэх боломжтой болно;
•    Мөнгө зээлснээс илүүтэйгээр капиталаа өсгөж чадна, өөрөөр хэлбэл компанийн хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ.
Хэрэв ХХК нь олон нийтэд хувьцаа гарган хувьцаат компани болох сонирхолтой бол:
1.Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулж, үнэт цаас гаргах шийдвэр гаргана.
2.Үнэт цаас гаргах үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг Андеррайтерийн компанитай гэрээ байгуулах замаар бүрдүүлж болно.
З.Хороонд хандаж бүртгүүлэх зөвшөөрөл авна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7-р зүйл, Хорооны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах тухай журам” /цаашид “журам” гэх/-д заасны дагуу дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
4.Үнэт цаас бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;
5.Үнэт цаасны танилцуулга;
6.Хуульч, аудитор, үнэлээчийн, андеррайтерийн дүгнэлтүүд;
7.Үнэт цаас бүртгүүлэх тухай өргөдөл, танилцуулгад тусгасан мэдээллийн нотлох баримтууд;
8.Хорооны зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримт.
Өргөдлийг Хорооноос баталсан дээрх журмын хавсралт 1-д заасан маягтын дагуу үйлдэнэ. Компанийн шийдвэрт хувьцаа гаргах хэмжээ, төрөл, хугацаа, нэрлэсэн үнэ, эргүүлэн авах үнэ зэрэг мэдээллийг тусгасан байвал зохино.
Нийтэд санал болгон үнэт цаас гаргах тухай танилцуулга, хавсаргах материалыг хорооны дээрх Журмын 2.17, 2.18, 2.19, Хавсралт 2.3-д тус тус заасны дагуу бүрдүүлнэ /www.frc.mn цахим хуудсаар орж холбогдох журамтай танилцаж болно./ Хороо үнэт цаасыг бүртгэх тухай шийдвэр гаргасны дараа Монголын хөрөнгийн биржид хандан бүртгүүлэх хүсэлтээ гаргана.
    Бирж нь үнэт цаас гаргагчийн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор зохих шалгуурын дагуу бүртгэлийн шалгалт хийж, тухайн үнэт цаасыг бүртгэх ба үнэт цаас гаргагчтэй бүртгэлийн гэрээ байгуулж арилжаанд оруулна.
    Бирж нь бүртгэсний дараа тухайн үнэт цаасыг хадгалах мэдэгдлийг ҮЦТТХТ хүргүүлнэ. Ийнхүү Биржээс үнэт цаас хадгалуулах зөвшөөрөл авсныхаа дараа ҮЦТТТХТ-тэй “Хадгаламжийн гэрээ” байгуулна. Хадгаламжийн гэрээг 2 хувь бичгээр үйлдэнэ.
    Үнэт цаас гаргагч компаниуд нь хуулиар дараахь үүргүүдийг хүлээдэг. Үүнд:
•    Үнэт цаас гаргах тухай шийдвэрийг тухайн компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-ийн хурлаар хэлэлцэн гаргах;
•    Үнэт цаасны гүйлгээний талаарх мэдээ, тайланг холбогдох аргачлал, маягтын дагуу үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд Хороонд хүргэх;
•    Үнэт цаасны ханшид нөлөөлөх мэдээллийг Хороо болон МХБ-д мэдээлэх;
•    Үнэт цаас гаргагч нь хагас жилийн болон аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай  хуульд заасан хугацаанд гаргаж, Хороо болон Баиржид хүргэх;
•    Хорооноос тогтоосон журмын дагуу тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх;
•    Хувьцаат компанийн хурлын зар мэдээг Хорооны баталсан журмын дагуу хувь нийлүүлэгчдэд хүргэх;
•    Хувь нийлүүлэгчдийн хурал хийх тухай шийдвэр гаргасан өдрөөс эхлэн хувь нийлүүлэгчдэд Компанийн тухай хуулийн 66.4-д заасан мэдээллээр хангах;
•    Үнэт цаас нь бүртгэлтэй хувьцаат компани хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын материалыг гаргасан шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор, ээлжит бус хурлын материалыг хурал хуралдсанаас хойш 20 хоногийн дотор Хороонд хүргэх;
•    Үнэт цаас эзэмшигчдийнхээ бүртгэлийг хөтөлж, үнэт цаасыг биет хэлбэрээр гаргасан бол түүнийг хадгалах ажлыг зохион байгуулах, энэ үүргээ үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;
•    Хэрэв компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдсэн бол шийдвэрт заасан хугацаандаа ногдол ашгаа төлөх;
•    Хороо болон Биржийн журам заавар, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж ажиллах.

Бонд гаргах ямар ач холбогдолтой вэ?
Бонд гаргах нь дараахь ач холбогдолтой байж болно:
•    Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох боломжтой;
•    Банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох боломжтой;
•    Хүү төлөх хугацаа уян хатан;
•    Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах боломжтой.

Аливаа компани шинэ салбарт бизнес хийх, техник технологи тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, бизнесээ өргөжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө хэрэгтэй болдог. Иймд компани үнэт цаасны зах зээлээр дамжуулан бонд гаргах замаар шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэрээ олох давуу талтай юм.

БОНД ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?
Аливаа ашгийн төлөө хуулийн этгээд болох компани нь үнэт цаасны зах зээл дээр бонд гаргах эрхтэй. Хэрэв компани бонд гаргах бол:
•    Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн хурлаар үнэт цаас гаргах шийдвэр гаргаж, шаардлагатай баримт, материалыг бэлтгэнэ;
•    Санхүүгийн зохицуулах хороонд бэлтгэсэн материалуудыг хүргүүлж бүртгүүлэх зөвшөөрөл авна;
•    Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасыг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол Монголын Хөрөнгийн Биржид хандан бүртгүүлэх хүсэлт гаргана.

Дээрх үйл ажиллагааг Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах тухай журам”, монголын хөрөнгийн биржийн “бүртгэлийн журам”, “Арилжааны журам”-аар зохицуулах бөгөөд эдгээр хууль тогтоомж, дүрэм, журам болон холбогдох бусад мэдээллийг:

Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас www.frc.mn
Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас www.mse.mn-аас авч болно.


Бонд гаргахад компани ямар үүрэг хүлээх вэ?
•    Үнэт цаас гаргахаар ирүүлэх материалаа үнэн зөв бүрдүүлсэн байх
•    Үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх.
Энгийн бондоос гадна ямар төрлийн компанийн бонд гаргаж болох вэ?
Танай компани хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд тохируулан төрөл бүрийн бонд гаргаж болно. Тухайлбал,
Хөрвөх бонд-Бондын хугацаа дуусахад тодорхой тооны хувьцаа эсвэл бонд эзэмших эрх олгогддог.
Тэг хүүтэй бонд-Бондын нэрлэсэн үнээс доогуур хямдруулан үнээр гаргадаг хүүгүй бондыг хэлнэ.
Эргүүлэн худалдан авах нөхцөлтэй бонд-Бонд гаргасан компани бондоо эргүүлэн худалдан авах нөхцөлтэй гаргаж байгаа бондыг хэлнэ.
Эргүүлэн худалдан авахыг шаардах нөхцөлтэй бонд-Энэ нь бонд худалдан авсан хөрөнгө оруулагч уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авахыг тухайн компаниас шаардах эрхтэй байх нөхцөлтэйгээр гаргасан бонд гэх мэт юм.
Ямар хугацаатай бонд гаргаж болох вэ?
Богино хугацаатай /0-1 жил/
Дунд хугацаатай /2-10 жил/
Урт хугацаатай /10-30 жил/
Бонд гаргагч компани нь санхүүгийн чадвар болон бусад үзүүлэлтээ холбогдох эрх бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар зэрэглэл тогтоолговол гаргаж буй үнэт цаасны борлуулалтын үр дүнд эерэг нөлөөтэй болохыг анхаарахад илүүдэхгүй.

Хувьцаанд хамаарах үнэт цаас гэж юу вэ?
Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опционыг хувьцаанд хамааруулдаг бөгөөд тэдгээрийг гаргах, худалдах журмыг компанийн дүрмээр тодорхойлдог.